Pages

Saturday, December 22, 2012

Лекц



1      Лекц №1 Танилцуулга

1.1     Хичээлийн зорилго

CS212 кодтой Вэбийн үндэс хичээлийн зорилго бол статик вэб хуудсуудыг хэрхэн үүсгэх тухай юм.
Хэдэн жилийн өмнө вэб хийхийн тулд HTML гэсэн зөвхөн ганц хэл судлах шаардлагатай байсан бол вэб технологи хөгжсөнөөр илүү аятайхан вэб хийх шаардлагатай болсон.
Энэ хичээлээр бид дараах хэлүүдийг судлах болно:
HTML5: HTML нь ямар ч вэб хуудасны бүтцийг тайлбарлахад зайлшгүй шаардлагатай юм. Энэ хэлний тусламжтай ямар текст толгой текст бичигдэх, эх хаана эхэлж хаана дуусч байгааг, ямар зураг баримтын хаана байрлахыг мөн янз бүрийн хуудсуудын хоорондын холбоог тодорхойлоход хэрэглэгдэнэ. HTML5 нь одоогоор гараад байгаа хамгийн сүүлийн хүчирхэг хувилбар юм.
CSS: CSS нь баримт хэрхэн үүсэх аргыг удирдана. Жишээлбэл текстийн шрифт Аrial, тод, том, баримтын дэвсгэр өнгө цайвар ногоон байх зэргийг тодорхойлоход хэрэглэгдэнэ. Мөн янз бүрийн пунктууд хуудсан дээр хэрхэн үүсэхийг удирдахын тулд хэрэглэгдэнэ. Жиш., CSS-ийг ашиглан тухайн хуудсан дээрх текст хоёр баганаар байрлахыг зааж болно.
JavaScript: JavaScript-ийг ашиглан та вэб үзүүлэгч програмд өөрийн үүссэн вэб хуудсууддаа харилцан үйлчлэл нэмж болно. Эдгээр аргуудад та бүхэн суралцах болно.

1.2     Internet ба World Wide Web


“Интернет” гэдэг нь дэлхийг бүрхсэн өөр хоорондоо холбоо бүхий, бараг гэрлийн хурдаар өөр хоорондоо өгөгдөл мэдээлэл дамжуулж байдаг компьютеруудын сүлжээ юм.

World Wide Web гэдэг нь Интернетийн зөвхөн нэг тал бөгөөд түүнийг том хот доторх шуугиант хөрш айл гэж үзэж болно. Энэ нь интернэтэд холбогдсон янз бүрийн компьютер дахь сая сая файл, баримтуудаас бүрддэг учир “дэлхийг хамарсан электрон сүлжээний програм” гэж нэрлэгдэх болжээ. Өөрийн харьцангуй богино түүхэнд тэрээр нэг сувгаар хамгийн энгийн тесктээс зураг, дуу, бичлэг гэх мэт баримтын янз бүрийн төрлүүдийг зөөсөөр ирсэн юм. Гэвч вэб нь үндсэндээ текстэд тулгуурласан байдаг учир ихэвчлэн HTML хэлбэрээр кодлогдсон байдаг.  Янз бүрийн төхөөрөмжүүд сүлжээнд холбогдож болно: ширээний компьютер ба ноутбуукууд, хувийн дижитал туслагчууд (PDAs), гар утас, тоглоомын удирдлагууд, мөн тэр бүү хэл зарим нэг гэр ахуйн хэрэгслүүд ч болдог. Эдгээр төхөөрөмжүүд нь өөрийн гэсэн HTML рүү хөрвөгддөг програм хангамжтай байдаг. Ийм програмын техникийн хэл нь user-agents  (хэрэглэгч-агент) боловч бидний мэддэгээр бол вэб броузер буюу вэб үзүүлэгч програм гэж нэрлэгддэг. Вэб броузер нь вэб баримтуудыг бидний нүдэнд харагдаж ойлгогдохуйц хэлбэрээр дүрсэлж харуулах зориулалттай тусгай програм юм. Зарим нэг хэрэглэгч агент нь HTML-ийг зөвхөн хөрвүүлэхээс биш түүнийг дэлгэцэнд гаргадаггүй. Зарим нэг броузер ямар зураг графикгүй зөвхөн текстийг харуулах нь ч бий. Зураг график харуулах тохиолдолд бид түүнийг ялган график броузер гэж тодотгох болно. Броузер эсвэл хэрэглэгч-агент нь мөн үйлчлүүлэгч (client) гэж нэрлэгдэх нь ч бий бөгөөд учир нь мөн энэ нь шаардаж мөн хүлээж авдаг үйлчилгээ юм. Өгөгдлийг үйлчлүүлэгчид  хүргэдэг компьютерийг сервер (server) гэж нэрлэдэг. Интернет нь үйлчлүүлэгчийн тавьсан хүсэлтийн дагуу өгөгдлийг боловсруулж илгээж мөн түүнийг хадгалж байдаг серверүүдээр дүүрэн байдаг. Үйлчлүүлэгч ба сервер нь интернэтээр дамжин өөр хоорондоо холбогдсон гинжний хоёр үзүүр юм.

1.3     HTML гэж юу вэ?


HTML гэдэг нь HyperText Markup Language (Гипер текстийн тэмдэглэгээний хэл) гэсэн үгийн товчлол юм. Үүнийг дараах байдлаар дэлгэрэнгүй тайлбарлая:
1-рт, HTML гэдэг нь бид өдөр тутмынхаа амьдралд бодол санаагаа хуваалцахад хэрэглэгддэг хэл биш. Энэ бол компьютерийн хэл. Үүнээс үүдээд тэр нь баримтлах ёстой өөрийн гэсэн дүрэм, онцлогтой. Энэ дүрэм онцлогийг нь бичиглэл (syntax) гэж нэрлэдэг. Энэ бичиглэл нь түүний элементүүд нь ямар байдлаар дараалсан байхыг нарийн тодорхойлдог ба дараа нь түүнийг броузерийн тусламжтай үзэж уншдаг.
2-рт, HTML гэдэг нь тэмдэглэгээний хэл. Энэ юу гэсэн үг вэ гэвэл баримтын тодорхой хэсгийг аваад түүнд онцгой утга өгдөг гэсэн үг. Яагаад үүнийг хийх хэрэгтэй гэж? Үүнийг дараах хэсэг бүхий текст дээр авч үзье.

Жишээ 1.

“Өндөрлөг” барилгын компани
            “Өндөрлөг” барилгын компани нь 1998 онд байгуулагдсан бөгөөд тэр үеэс хойш барилгын салбарт тэргүүлэх байр эзэлж яваа билээ.
            Энэ компани нь хотын янз бүрийн дүүрэгт байрлах хэд хэдэн сүлжээ дэлгүүр болон худалдааны төвүүдтэй юм. Тэнд та өөрийн гэртээ хэрэгтэй барилгын засварын материалаас эхлээд гэр ахуйн тавилга хүртэл олох боломжтой.

Дээрх текстийг хүн хараад “Өндөрлөг” барилгын компани гэсэн гарчиг ба 2 эх байгааг амархан ялгаж чадна. Гэвч компьютерийн хувьд бол энэ ердөө л тодорхой дарааллаар байрласан хэсэг бүлэг тэмдэгтүүд юм. Өөр юу ч биш! Гэтэл бидэнд компьютерт энэ текст нь гарчиг мөн 2 эх хэсгээс тогтсон гэдгийг ойлгуулах шаардлагатай болно. Гэвч  компьютер энэ текстэд хаана нь текстийн гарчиг, хаана нь эх хэсгүүд байгааг ойлгох хүртэл үүнийг хийж чадахгүй. Ийнхүү тэмдэглэгээ нь компьютерт юу нь юу вэ гэдгийг зааж өгдөг юм.

Түүнээс гадна HTML нь гипертекстийн тэмдэглэгээний хэл. Гипертекст гэдэгт дурын хэвжүүлэлт бүхий текстийг хэлж болох бөгөөд түүнийг гол онцлог нь текстийн зарим нэг хэсэг нь текстийн өөр хэсгүүдэд шилжин очих боломжийг олгодог бөгөөд ингэснээрээ нэг хэсгээс нөгөөд хурдан шилжих боломжтой болдог юм. Жишээлбэл дээрх жишээн дахь “сүлжээ дэлгүүр болон худалдааны төвүүд” гэсэн текст бий. Магадгүй та өөрийн гэртээ ойрхон орших дэлгүүр лүү очихыг хүслээ гэж бодьё. Ингэхийн тулд дээрх дэлгүүрүүдийн хаягийг мэдэх хэрэгтэй ба тэдгээрээс та гэртээ ойрхныг нь сонгох боломжтой. Тэгвэл гипертекстийн тусламжтай “сүлжээ дэлгүүр болон худалдааны төвүүд” гэсэн хэллэгийг бүх худадааны төв, дэлгүүрүүдийн жагсаалт, хаяг, утас болон бусад холбоо барих хаягийн хамт холбож болно. Ингэснээрээ уншигч өөрийн сонирхсон хэсэгт хурдан хугацаанд хандах боломжийг хангаж өгч байгаа юм. Ийм шилжилтийг нэг хуудсанд байрлах текст хооронд, өөр өөр хуудас хооронд аль эсвэл бүр өөр өөр вэб хуудсуудын хооронд ч хийж өгч болно. Гипертекстэн холболт нь зүгээр ч нэг шошго хэлбэртэй зүйл биш түүнд тодорхой утга агуулагдаж байдаг юм. Эдгээр холбоосын тусламжтай та баримтанд утга оруулж түүнийг удирдах боломжтой болж байгаа юм. Хэрвээ та ямар нэгэн баримтыг хэвлэлийн ерөнхий агуулга, гарчиг, өмнөх ба дараах бүлгийн нэр, зохиолчийн тухай мэдээлэл, түүний вэб хуудас зэрэг мэдээлэлтэй холбож өгвөл ингэснээрээ та энэ баримтаа илүү утга учиртай, нэр хүндтэй илүү аятайхан болгож буй юм. Учир нь ямар ч баримтын тэргүүн зэргийн зорилго бол мэдээллийг уншигчид хүргэх бөгөөд холбоос нь мэдээж хэрвээ зөв зохимжтой хийгдсэн бол түүнийг илүү хялбар уншигдахуйц болгодог юм.

1.4     HTML хэлний хөгжлийн түүх

HTML хэлний үүсэл нь 1989 онд Оксфордын их сургуулийн төгсөгч Тим Бернерс Ли (Tim Berners-Lee) Гипертекст баримтан системийн үүсгэх тухай санал гаргахад анх үүссэн юм. 1990 онд HTML хэл нь анх Standard Generalized Markup Language (SGML) хэмээх өмнө үүссэн хэлийг түшиглэн бүтээгдсэн юм.  1990 онд түүнийг World Wide Web (дэлхийг хамарсан электрон сүлжээний програм) гэж нэрлэсэн. Уг системийн нэг бүрдүүлэгч хэсэг нь гипертекст байсан юм. Түүний үндэс нь 1990 онд Тим Бернерс-Ли гипертекст бүхий баримтыг үзэж харуулах боломжтой програм болох анхны броузерыг боловсруулахад тавигдсан юм. Ийнхүү 1993 онд HTML хэлний анхны хувилбар болох HTML 1.0. гарсан юм. Гэвч энэ хэл нь стандартчилагдаагүй байсан юм. Энэ юу гэсэн үг вэ гэвэл янз бүрийн үйлдвэрлэгчдийн бүтээсэн броузерууд нь HTML 1.0. хувилбарыг янз бүрээр харуулж болно гэсэн үг юм. Ингээд зөвхөн 1995 онд HTML 2.0. хувилбарын боловсруулалт дуусахад HTML хэл стандартчилагдсан юм. Энэ үед HTML хэлний шинэ хувилбарыг бараг ихэнх броузерууд бүрэн дэмжиж байв. Өнөөдрийн түүний стандарт бол HTML 5.0. юм.
1994 онд HTML хэлийг тодорхой түвшнүүдэд хуваах шийдвэр гарч байлаа. Энэ нь өмнөх хувилбартай эргэн холбогдож байх үүднээс хийгдсэн юм. Дараагийн шинэ хувилбар бүр өмнөх хувилбараа бүрэн хэмжээгээр агуулж байлаа. Дараах 4 түвшинд ангилж байлаа.
·         Түвшин 0– Бүх броузеруудад дэмжигдсэн. Дотроо толгой гарчиг, холбоос, жагсаалтыг агуулна.
·         Түвшин 1 – Зураг ба текст ялгагч (налуу, тод, доогуураа зураастай текст гэх мэт) элементүүдийг агуулсан.
·         Түвшин 2 – Хэрэглэгч мэдээлэл оруулах боломж бүхий формуудыг нэмсэн.
·         Түвшин 3 – Мэдээллийг хүснэгт хэлбэрээр хуудсанд байрлуулах боломжтой болсон. Мөн түүнчлэн хуудсан дахь объектуудыг яг нарийн байрлалыг тодорхойлох боломжтой болсон.
HTML 2.0. хэл нь жишээлбэл 2-р түвшний хэл бөгөөд түүнд нарийн загвар бүтэцтэй хуудсыг үүсгэх боломжгүй юм. Учир нь энэ нь хүснэгтгүйгээр хийгдэх боломжгүй юм.
1996 онд бараг бүх броузерууд HTML 3.2. хувилбарыг (HTML 3.0. хувилбарт хүснэгт үүссэн байсан) дэмжиж байсан ба үүний ачаар Вэб дизайн өндөрт хөөрсөн юм. Дэлгэцэн дээр график элементүүдийн нарийн бүтэц бүхий хослолуудыг байршуулж тусган харуулах боломжтой болсон юм. Энэ нь Вэб дизайны эрин үеийн эхлэлийг тавьсан юм.
1997 онд HTML 4.0. хэлний тодорхойлолт (specification- бүх элементүүдийн дүрслэл ба тэдгээрийг боловсруулах дүрэм) үүссэн. Түүнд фрейм хийх боломж ба янз бүрийн объектуудыг байрлуулах ажиллагааг <OBJECT> элементийг нэмснээр нэгдсэн хэлбэртэй болгож чадсан. Мөн CSS (Cascading Style Sheet – Хүснэгтийн шаталсан загвар)-ыг нэмж өгснөөр форм болон хүснэгтүүд илүү төгөлдөржсөн. Харин зарим нэг элементүүд хэрэглэхэд илүү тохиромжгүй гэж тодорхойлогдох болсон.
Түүний дараа дараагийн хувилбар нь бараг л байж болох бүх боломжуудаа ашиглачихсан учир орчин үеийн хэрэглэгчийн шаардлагыг түүнээс илүү хангасан илүү өндөр технологи бүхий олон шинэ шинэ технологууд гарч ирсэн. Орчин үеийн интернет хэрэглэгчийн шаардлагыг хангасан янз бүрийн динамик вэб хуудсуудыг үүсгэх, өгөгдлийн баазад хандах боломжтой янз бүрийн програмчлалын хэлүүд мөн илүү боловсронгуй тэмдэглэгээний хэлүүд гарч ирэх болсон. HTML хэлний дараагийн үе буюу түүний үе залгамжлагч нь XHTML (Extensible Hypertext Markup Language – Гипертекст тэмдэглэгээний өргөтгөсөн хэл) юм. Түүний анхны хувилбар нь 2000 онд W3C (World Wide Web Consortium – Вэбэд зориулсан програмын бүтээгдэхүүнүүдийн нэгдсэн тодорхойлолт, стандартыг боловсруулж байдаг худалдааны бус зориулалтын байгууллага) консорциум (холбоо)-гоор санал болгогдсон юм. Өдий хүртэл тэрээр хурдтай хөгжиж байгаа билээ. XHTML нь HTML 4.01-тэй төстэй боловч эдгээр нь яаж бичигдсэн байх ёстой тухай арай илүү дүрэмтэйгээрээ л ялгаатай юм. , Түүний одоогийн хувилбар нь XHTML 1.0 бөгөөд XHTML 1.1 ба 2.0 нь хараахан бүрэн боловсрогдож дуусаагүй боловсруулалтын шатандаа явж байгаа.
HTML хэл нь бүхэлдээ дараах боломжуудыг олгож байдаг:
·         Гарчиг, текст, хүснэгт, жагсаалт, зураг зэргийг агуулсан баримтыг Вэбэд нийтлэх,
·         Гипертекст ашиглан нэмэлт мэдээллийг авах,
·         Мэдээлэл хайх, бараа бүтээгдэхүүн захиалах гэх мэт үйлдлийг гүйцэтгэхийн тулд алслагдсан серверүүдтэй харилцах формуудыг үүсгэх,
·         Баримтанд видео, аудио бичлэг, хөдөлгөөнт аниме ба бусад объектуудыг оруулж байрлуулах юм.

HTML5 – хамгийн сүүлчийн хувилбар. Энэ хувилбар нь 2011 оны 11-р сарын байдлаар боловсруулалтын шатандаа явж байгаа бөгөөд мөн дэлхий нийтэд өргөн хэрэглэгдэж байна.  Энэхүү хувилбарын гол зорилго нь шинээр гарч буй мультимедиа програмуудын ажиллагааг дэмжих хэл зохиох байсан юм. Ингэхдээ уншигдах код хүн болон компьютерууд, мөн вэб броузерууд, бичиглэлийн анализаторуудын хувьд хялбар байдлаа хадгалагдах юм. HTML5 нь өөртөө зөвхөн HTML 4-ийг багтаагаад зогсохгүй XHTML 1, мөн түүнчлэн DOM2HTML (ялангуя JavaScript)-ыг агуулдаг.

1.5     Вэб хэрхэн ажилладаг вэ?

Энгийн хэрэглэгч Дэлхийг хамарсан электрон сүлжээний програм хэрхэн ажилладаг тухай ховорхон боддог. Яаж нэг серверт байрласан баримт нь Интернетийн сүлжээг ашиглаж байгаа сая сая хэрэглэгчдэд хүрч болдог байх нь вэ? Чамд үнэхээр сонирхолтой байгаа тэр мэдээллийг олж авахын тулд сайтын хаягийг хэрхэн мэдэх вэ? Энэ тухай ярилцахын тулд Вэб ямар бүтэцтэйг авч үзье.

1.6     Броузер ба Вэб серверийн харилцан ажиллагааны зарчим


Интернет гэдэг нь бүхэлдээ зангилаа бүр нь бүх дэлхийгээр тархсан компьютерийн агуу том сүлжээ юм. Энэ сүлжээ нь тусгайлан ялгасан төв зангилаа тэр дундаа төвлөрсөн эзэмшигч ч гэж байхгүй. Бүдүүлгээр хэлбэл Интернет сүлжээний бүх компьютерыг хэрэглэгчийн тавьсан янз бүрийн хүсэлтийг (жиш., электрон шууданд хандах, Вэб сайтуудад хандах гэх мэт) гүйцэтгэдэг сервер (server) ба хэрэглэгчийн ажлын станц өөрөөр бол үйлчлүүлэгч (client) гэж хувааж болно. Ийнхүү Интернет нь үйлчлүүлэгч/cервер гэсэн зарчмаар ажиллах ба янз бүрийн компьютер нь янз бүрийн цаг хугацаанд сервер ч болж (түүнд өөр хэрэглэгчээс хүсэлт ирэх үед) үйлчлүүлэгч ч болж (ямар нэгэн үйлчилгээ үзүүлэхийн тулд тэр өөрөө хүсэлт тавихаар хандах үед) болдог.
            Ийнхүү нэг баримтыг эсвэл хэрэглэгчийн Вэб хуудсыг үзэхийн тулд тусгай програмын хаягийн мөрөнд сайтын хаягийг (энэ нь хэрэгтэй мэдээлэл хадгалагдаж буй серверийн хаяг байдаг) бичихэд л хангалттай юм. Ингэхэд програм хүссэн хуудсыг харуулдаг. WWW-д броузер (browser - англи хэлний to browse – дуудах, ачаалах, гаргах гэсэн үгнээс гаралтай) хэмээн нэрлэгдэх програмыг ашигладаг. Өргөн хэрэглэгддэг броузеруудын жишээг нэрлэвэл: Microsoft Internet Explorer, Mozilla Firefox, Opera, Netscape гэх мэт.
            Цаашид бид дараах ойлголтуудтай таарах болно.

1.7     URL-ийн тухай танилцуулга


Вэб дахь баримт бүр Uniform Resource Locator буюу Нэгдсэн Байрлал Тодорхойлогч (URL) гэж нэрлэгдэх нэгдсэн нэг хаягтай байдаг. Заримдаа Uniform Resource Identifier буюу Нэгдсэн Байрлал Тодорхойлогч (URI) гэдэг хэллэг бас хэрэглэгддэг боловч URL нь илүү ерөнхий хэллэг юм. URL нь URI-ийн нэг төрөл юм. URL – нь Нэгдсэн байрлал тодорхойлогч бөгөөд яг үүнийг хэрэглэгч хаягийг мөрөнд бичдэг.
Тэгвэл Вэб хуудас гэж чухам юу вэ?
Хэдэн жилийн өмнө хэн нэг нь нөөц гэдэг ойлголтыг гаргаж ирсэн. Энэ тохиолдолд нөөц нь нэгэн хийсвэр ойлголтыг илэрхийлж байна. Нөөц нь юу ч байж болно, мэдээллийн дурын эх ундарга. Тэгвэл энэ нь чухам юунд хэрэгтэй юм бэ?
            Ямар ч мэдээлэл хандаж болохуйц байх хэрэгтэй. Үгүй бол түүнээс мэдээлэл гаргаж авахад хүндрэлтэй эсвэл бүр боломжгүй байх болно. Хандаж болохуйц сайтуудын тоо хэдэн саяараа байдгийг та харж байгаа. Тиймээс таны сонирхлыг тухайн үед татаж байгаа тэр цорын ганц нөөцийн (бидний тохиолдолд Вэб сайт) хаягийг гаргадаг механизм байх хэрэгтэй. Үүний тулд л Uniform Resource Locator буюу Нэгдсэн Байрлал Тодорхойлогч (URL)-ийг зохиосон юм.

1.7.1      URL-ийн бүрэлдэхүүн хэсгүүд


Вэбийн URL нь Зураг 1.1. дээр дүрслэгдсэнтэй адил хэд хэдэн хэсгүүдэд хуваагдах стандарт бичиглэлтэй байдаг. URL-ийн хэсэг бүр  үйлчлүүлэгч ба серверийн хоёулангийнх нь тухай тусгай мэдээллийг агуулж байдаг.

Protocol (протокол) нь Интернет дахь өгөгдлийг зөөх ажиллагааны заавар бүхий дүрмүүдийн янз бүрийн багцуудын нэгийг илэрхийлж буй юм. Вэб нь HyperText Transfer Protocol (HTTP) буюу нэг компьютерээс нөгөө компьютер луу гипертекст хэлбэрээр кодлогдсон өгөгдлийг дамжуулдаг үндсэн стандарт юм. Протокол нь URL бичиглэлд хоёр босоо цэг ба баруун тийш хоёр налуу зураасаар тусгаарлагдана.
URL хаягийг бичихэд таардаг өөр протоколууд гэвэл:
FTP – (File Transfer Protocol – файл дамжуулах протокол) , FTP серверүүдтэй харилцан ажиллахад файл дамжуулахад хэрэглэгддэг.
FILE – локаль компьютерийн дискэн дээрх файлтай ажиллахад хэрэглэгддэг. Жиш. С дискэнд хандахдаа file://C:/folder/file.html гэж бичнэ.

1.7.1.1     Домайн нэрийн систем


Эхлээд Интернэтийн сүлжээнд холбогдсон дурын компьютер өөрийн гэсэн IP (Internet Protocol – интернэт протокол хаяг)-тай байх ёстой. Энэ нь цэгээр тусгаарлагдсан 4 тооны дараалал хэлбэртэй байдаг. Тоо бүр нь 0-ээс 255-ын хооронд утга авч болно. Жиш.:
65.19.150.101
81.29.73.44
192.168.0.1
217.23.64.1
IP хаягийг бидний шуудангийн хаягтай зүйрлүүлж болно. Бид хэн нэгэнд захиа, илгээмж явуулахын тулд түүний оршин суугаа улс, хот, сум, дүүрэг, хороолол, баг, байшингийн дугаар, хаалганы дугаарыг мэдэж байх хэрэгтэй байдагтай л адил юм. Тэгвэл IP хаяг нь компьютерийн сүлжээний дугаар ба энэ сүлжээ буюу (host -хост) дахь компьютерийн дугаар юм. Хост гэдэг нь Интернет сүлжээнд хандах боломжтой компьютер юм.
Ийнхүү компьютерууд өөр хоорондоо холбогдохын тулд бие биенийхээ IP хаягийг мэдэх шаардлагатай. Компьютер нь ухаалаг машин учир дээрх байдал бүхий хэдэн тоонуудын хослолыг тогтоохтойгоо. Харин хүн бидний хувьд энэ бол тийм ч амар биш юм. Тиймээс DNS (Domain Name System – Домайн нэрийн систем) гэж зохиогдсон юм. Энэ хостуудыг нэрлэж болох хүнд арай ойлгомжтой хаяглалтын өөр хэлбэр юм. Ийнхүү хостод IP хаягаас гадна тэмдэгт нэр өгч болдог байх нь ээ. Домайн нэр нь мөн л цэгээр тусгаарлагдах хэд хэдэн талбараас тогтоно. Домайн нэр нь тогтооход хялбар ба илүү ойлгомжтой зохиомол нэр (alias) юм. Hostname (хостын нэр) гэдэг нь броузер файлыг харуулах сайтын нэр. Хостын нэрийг сүлжээний системийн администратор өөрийн дураар өгч болно.
Домайн систем нь хэд хэдэн түвшинтэй байдаг. Дээд түвшний, хоёр дахь, гурав дахь түвшний гэх мэт цааш нь үргэлжилж болох домайнууд байдаг. Дээд түвшний домайныг хоёр ангилж болно: нийтийн хэрэглээний ба үндэсний гэж.
Нийтийн хэрэглээний домайн нь Интернэт холбоогоор бүгдэд нь хэрэглэхэд зориулагдсан байдаг. Түүнд COM, NET, ORG, INFO, BIZ, MUSEUM, NAME, AERO, COOP мөн түүнчлэн хязгаарлагдмал хэрэглээний домайн болох INT – олон улсын хэрэгцээнд зориулагдсан, EDU – дээд боловсролын газруудад, GOV – улсын байгууллагуудад зориулсан, MIL -  АНУ-ын цэргийн байгууллагуудад зориулагдсан хамаарна.
COM, NET, ORG – нь 1984 онд үүссэн Интернет сүлжээнд хаяг байрлуулах зориулалт бүхий олон улсын нийгэмлэгээр байгуулагдсан ICANN (Internet Corporation for Assigned Names and Numbers -  Интернэтийн нэр болон дугаар олгох холбоо, худалдааны бус байгууллага) –ын шийдвэрээр үүссэн хамгийн анхны дээд түвшний домайнууд юм. Эхлээд COM, NET, ORG, INT, EDU, GOV, MIL гэсэн 7 домайныг үүсгэсэн ба эдгээрээс хамгийн их тархсан нь COM, NET, ORG юм.
Үндэсний домайн гэдэг нь ISO 3166-1 стандарттай харгалзсан тухайн улс орнуудыг эсвэл газар зүйн бүсийн код юм. Жиш., MN, US, DE, UK, RU. Дэлхийд нийт дээд түвшний 273 үндэсний домайн байдаг. Дээд түвшний домайн (заримдаа тэднийг 1-р түвшний домайн гэж ч нэрлэдэг. )-д дэд домайн хийж өгч болох ба түүнийг нь хоёрдугаар түвшний домайн гэж нэрлэнэ. Энэ тохиолдолд хоёрдугаар түвшний домайныг нэгдүгээр түвшний домайнд бүртгэгдсэн гэж үздэг. Хоёрдугаар түвшний домайны хувьд түүний дараагийн түвшний домайн болох гуравдугаар түвшний домайныг бүртгэж болно. Үүний үр дүнд домайны шаталсан загвар үүснэ.
Ийнхүү домайн нэр нь өөр хоорондоо цэгээр тусгаарлагдсан, урвуу бичигдсэн дээд, хоёрдугаар, гуравдугаар түвшний нэрүүдээс тогтоно. Жиш., www.videoexchange.mn:
·         mnдээд түвшний үндэсний домайн,
·         VideoexchangeMn домайн дахь дэд домайн буюу хоёрдугаар түвшний домайны нэр,
·         wwwхостын нэр, уламжлалт нэршил нь Вэб сервер. Олон вэб хостийн нэрүүд нь domain prefix (домайн префикс)-тэй байдаг.
Хүний хэлээр илэрхийлбэл тухайн нэр нь энэ хостын (Интернэтэд холбогдсон компьютерийн) хаяг нь www нэртэй бөгөөд, videoexchange.mn домайнд байрлаж байгаа гэсэн үг юм.
Тэгэхлээр домайн нэрийн систем нь бидний амьдралд чухам юуг хялбар болгож өгсөн юм бэ? Юу нь мэдэгдэхгүй баахан тооны дарааллын оронд тогтооход илүү хялбар тэмдэгт нэрүүдийг олгосон тал юм. Учир нь ихэнхдээ домайн нэр нь утга бүхий байдаг ба жиш., компаний нэр, төслийн нэр, тухайн сайт хамаарч буй хүний нэртэй давхацдаг учир илүү хялбар болсон юм. Домайн нэрийн жишээ гэвэл:
·         mn бүсэд: olloo.mn, caak.mn, news.mn, tsag-agaar.mn,
·         com бүсэд: microsoft.com, amazon.com,
·         net бүсэд: znanie.net, sourceforge.net
Тодорхой IP хаягт харгалзах тэмдэгт домайн нэрийг олгохын тулд тусгай DNS (Domain Name System- Домайн Нэрний Систем) сервер гэж байдаг. Энэ сервер нь өөрийнхөө санах ойд домайн нэр бүрт харгалзах IP хаягийн тухай мэдээлэл бүхий хүснэгтийг агуулж байдаг. Ингээд броузерийн хаягийн мөрөнд сайтын тэмдэгт хаяг ө. х. түүний домайн нэр бичигдэхэд дараах зүйл болно: DNS сервер өөрийн хүснэгтэд оруулсан хаягийг хайж түүнд харгалзах IP хаягийг олдог. Дараа нь сервер лүү хүсэлт илгээгдэхэд тэрээр заасан домайн тэмдэгт нэрийн оронд IP хаягийг байрлуулдаг. Хэрэглэгчийн хувьд эдгээр үйл ажиллагаанууд нь агшин зуур, үл ажиглагдам байдаг.

Path буюу зам нь вэб сервер дахь шаардагдах баримтуудыг агуулж байдаг  санг тодорхойлно. Вэб сервер дэх файлууд нь дэд санд байрлаж болно. Сан бүр баруу тийш нэг налуу зураасаар (/)тусгаарлагдана. Дээд түвшний санг site root directory буюу сайтын үндсэн сан гэж нэрлэх ба URL –д харагддаггүй. Тусгай файлыг дуудахын тулд түүнийг файлын нэр ба өргөтгөлийн хамт дуудна. HTML (эсвэл XHTML) баримт нь .html эсвэл .htm гэсэн өргөтгөлтэй байдаг (Богино хувилбар нь гурван үсэгнээс тогтсон файлын өргөтгөл дэмждэг серверүүдэд хэрэглэгдэнэ). CSS файл .css, JavaScript файл .js гэх мэт байна.

1.7.1.2     Absolute (Үнэмлэхүй) ба Relative (Харьцангуй) URLs


URL нь нэг сайт дотор дараах хоёр хэлбэртэй байж болно.
Аbsolute URL буюу Үнэмлэхүй URL нь протокол, хостын нэр зэргийг бүхэлд нь агуулна. Жиш: www.videoexchange.mn
Relative URL буюу Харьцангуй URL нь нэг ижил сайтын дотор зөвхөн өөр зам, сан, файлд хандах үед протокол ба хостын нэрийг хасч бичихийг хэлнэ. Жиш.:
examples/chapter1/example.html
Хэрвээ хэрэгтэй файл нэг ижил санд байрлаж байвал дараах байдлаар бичигдэж болно:
example.html
Хэрвээ хэрэгтэй файл дээш өөр түвшинд өөр санд байрлаж буй бол хоёр цаг ба баруун тийш нэг налуу зураасаар ../ тусгараарлагдаж бичигдэнэ. ../ -ийн тохиолдол бүр нэг түвшин дээш байрлаж буйг илэрхийлнэ. Жиш.:
../../example.html
Бараг бүх вэб серверүүд баруун тийш налуу зураасаар дээд түвшнийхээ үндсэн санг илэрхийлж буйг хэлнэ. Жиш.:
/examples/chapter1/example.html
Хэрвээ бидэнд файл биш сан луу хандах хэрэгтэй бол дараах байдлаар бичнэ::
/examples/chapter1/

1.7.2      Вэб хуудас ба Вэб сайтын тухай ойлголт

           
Вэб хуудас гэж гол төлөв цорын ганц HTML баримтыг хэлнэ. Нэгдсэн нэг сэдэв бүхий тийм вэб хуудсуудын цуглуулгыг Вэб сайт гэж нэрлэнэ.
            Тус тусдаа байх Вэб хуудсууд нь ерөнхий нэг сэдэвтэй байхаас гадна өөр өөрийн гэсэн загвар, гадаад төрх, хуудасны бүтцээрээ ялгаатай байдаг. Энэ нь хэрэглэгч энэ хуудсуудыг ойлгож ялгаж хэрэглэхэд дөхөм болдог.

No comments:

Post a Comment